Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх боломжтой боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам баталжээ. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулж, мэдээлэл хийлээ. 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: Засгийн газрын хуралдаанаар төрийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам баталлаа. Түрээсэлж байгаа иргэн тухайн байгууллагадаа хүсэлт гаргаад хоёр нөхцөл хангасан тохиолдолд өмчилж болно гэж журманд тусгасан. Нэгд, байрны төлбөрийн 30 хувийн төлбөрөө хийгээд тухайн байрыг өмчилж болно. Хоёрт, таван жилийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлөөд тухайн орон сууцыг өмчилж авч болох юм. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу тус асуудлыг судалсны үндсэн дээр энэ журмыг гаргалаа. ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү хувьчлалд оролцож болно. 30 хувийг 3-5-н жилийн дотор төлж барагдуулах зэргээр байр олгож буй байгууллагатай харилцан зөвшилцөсний үндсэн дээр байраа өмчилж авах боломжтой. Улсын хэмжээнд 1512 өрх түрээсийн орон сууцанд амьдарч байна. 
Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Түрээсийн орон сууцанд байгаа өрхүүдийн төлбөр 30 хувьд хамаарах уу?
-Өнөөдрийг хүртэлх түрээсийн орон сууцны төлбөр хамаарахгүй. Журам баталсан өдрөөс хэрэгжинэ. 
-"Буянт-Ухаа 2"-ын 972 орон сууцны барилгын хэдэн хувийг түрээслэх вэ?
-Бидний хувьд 100 хувь түрээслэх саналтай байна. Түрээслэх шийдвэр гарсны дараа журам гаргана. 
-Гэрээг хаана байгуулах вэ?
-ТОСК-тай гэрээ байгуулна. 
-Ипотекийн 30 хувийн зээлээ төлөх төлбөрийн чадвартай иргэд байхгүй гэсэн. Энэ талаар?
-Ипотекийн зээлд хамрагдахаар 30 хувиа төлөх чадвартай 44 мянган иргэн байна гэсэн судалгаа бий. Иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй ч гэсэн арилжааны банкнаас зээл авч байгаа. 
-Ипотекийн зээл он гарснаас хойш нэг ч олгогдохгүй байна. Энэ ямар учиртай юм бэ? 
-Ипотекийн зээлийн талаар би өнөөдрийн Засгийн газрын хурал дээр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд хоёр шийдвэр гаргасан. Гэтэл энэ шийдвэр нь хэрэгжихгүй байна гэдгийг Засгийн газарт танилцуулсан. Ингээд Засгийн газраас гурван сайд, Монголбанк хамтраад энэ асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанд оруулах үүрэг өглөө. 
-Түрээсийн орон сууцыг дахин нэмэгдүүлэх боломж бий юү?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түрээсийн орон сууц барих боломжгүй. Харин гаднын зээл тусламжаар барих боломжтой. Бид эхний ээлжид Дэнжийн 1000-д БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1080 айлын орон сууцыг барина. Сонгуулийн өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гурван хороолол барихаар төлөвлөөд байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг http://tosk.gov.mn/ -с авна уу