Тавдугаар сарын 1-н гэхэд түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулна

Тавдугаар сарын 1-н гэхэд түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулна

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнтэй ярилцлаа.

-Түрээсийн орон сууцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл ажил дуусаагүй байна. Энэ ажил яагаад саатаад байна вэ. Иргэдийн дунд маш их хүлээлт байна?
-Дөрвөн аймаг, нийслэл Улаанбаатар хотод нийлээд 1562  айлын орон сууц ашиглалтад оруулаад зарим хэсгийг нь түрээсийн орон сууцад авах үүргийг Засгийн газраас манай яаманд өгсөн. Гэвч Буянт-Ухаад баригдаж байгаа 972 айлын орон сууцны гол магистрал шугамыг хувийн хэвшлийн өөрсдийн хөрөнгөөр босгосон халаалт шугамыг холбох зураг анхнаасаа хийгдсэн байсан. Яг холбох дээрээ тулсан хувийн хэвшлийн тухайн байгууллага зөвшөөрөл өгөөгүй. Улсаас 15 тэрбум төгрөг төл, үгүй бол яваандаа төлнө гэсэн баталгаа гаргаж өг гэдэг шаардлага тавьсан. Бид Засгийн газрын өмнөөс ямар нэгэн баталгаа өгөх эрх байхгүй учраас энэ асуудал мухардаж, тодорхой хугацаа алдсан. Ингээд мэргэжлийн байгууллагын хувьд шугам сүлжээ, ачааллыг нь тооцож байгаад зургаа шинэчилж гаргаад холболтоо хийсэн.  Энэ оны хоёр, гуравдугаар сард холболтоо хийгээд өнөөдрийн байдлаар халаалтаа бүрэн авчихсан байна. Ингээд дотор заслынхаа ажлыг хийгээд явж байна. Бид хоёр өдөрт газар дээр нь ажиллаж байгаа. Тавдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Түрээсийн орон сууцны хүлээлт иргэдийн дунд маш их байна. Ямар хүмүүсийг хамруулах журмаа баталсан уу. Ямар шаардлага хангасан хүмүүс түрээсийн орон сууцанд орох боломжтой вэ?
-Засгийн газрын гишүүдээс Улаанбаатарт барьж байгаа 972 айлын орон сууц, дөрвөн аймагт баригдах 600 гаруй айлын орон сууцны хэдийг түрээсийн орон сууцны санд авч, хэдийг борлуулах вэ гэдэг асуудлаар санал аваад явж байна. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар тооцоолж байгаа. Гэхдээ зарим яам тухтай тооцож саналаа өгнө гэж байгаа учраас нэг долоо хоног хойшлож магадгүй. Ер нь дөрөвдүгээр сарын 20-ны үеэр эдгээр орон сууцыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь Засгийн газрын тогтоолоор маш тодорхой болно. Үүний дараа тавдугаар  сарын 1-н гэхэд 972 айлын орон сууцаа бүрэн ашиглалтад авна. Нийт иргэддээ холбогдох журмын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ.
-Шинэ журам батлах уу?
-Өнөөдрийн хэрэгжээд явж байгаа журмаар зорилтод бүлгийн иргэд буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн хэвшлийнхэн, амьжиргааны баталгаажих төвшингөөс доош орлоготой өрх толгойлсон эцэг эх, 0-18 насны дөрвөн хүүхэдтэй эцэг эх гэх мэт зорилтод бүлэгт тодорхой тооны квот олгох журамтай. Энэ журмаараа хэрэгжүүлнэ гэсэн тооцоотой байгаа.
-Гол нь урьдчилгаа төлбөргүй иргэд түрээсэлж байгаад зээлд хамрагдаж байраа өөрийн болгон авах боломжтой гэж ойлгож байгаа?
-Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцыг өмчлөх журмыг оруулна. Өөрөөр хэлбэл, түрээслээд өмчлөх эрхийг нээнэ. Нэгдэх хэсэг нь, өөрийнхөө орлогоор урсгал зардал, түрээсийн төлбөрөө төлөх зорилтод бүлгийн иргэд байна. Тэд түрээсийн гэрээгээр таван жил хүртэлх хугацаагаар амьдарна. Хоёр дахь хэсэг нь түрээслээд түрээсийн төлбөр дээрээ нэмээд тодорхой хэмжээний мөнгө төлөөд ипотекийн зээлд хамрагдах шаардлагатай 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд ипотекийн зээлд хамрагдаж тухайн орон сууцаа өмчлөх боломжийг нээнэ. Гурав дахь хэсэг нь түрээсийн таван жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна тухайн орон сууцны үнийг тав хувааж төлөөд өөрийн өмчлөлд шилжүүлж авах боломжийг нээнэ.
-Метр кв нь ямар үнэтэй борлуулагдах вэ?
-Буянт ухаа 1,2-ын метр квадратын үнэ нэг сая 380 мянган төгрөг байгаа. Үүнээс өндөр тогтохгүй байх. Түрээсийн үнийн тухайд Улаанбаатар хотод метр кв нь 6000 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байгаа.
БНСУ-аас авч байгаа 500 сая доллароор 7056 айлын орон сууц барина

 
Тайлбар
-БНСУ-аас авч байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг орон сууцжуулахад зарцуулна гэж байсан. Тэр дундаа төрийн албан хаагчдыг орон сууцжуулахад зарцуулна гэж байсан. Энэ зүйл тодорхой болсон уу?
-БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөрс, агаар орчны бохирдлын эсрэг зарцуулах тохироотой. Үндсэн арга зам нь гэр хорооллын утаа, агаар, хөрсний  асуудал байна гэж үзэж байгаа. Тиймээс орон сууцжуулах зарчмыг Засгийн газар барьж байгаа. Өнөөдрийн байдлаар Буянт ухаа орчимд байгаа Солонго-1,2 хороолол, Баянголын аманд зураг төсөл нь бэлэн болсон  нэг төсөл, нийт гурван төсөл буюу 7056 айлын орон сууц барихыг Солонгосын тал хүлээн зөвшөөрсөн. Өнгөрсөн долоо хоногт манай яам, Сангийн яам, Солонгосын банк, нийслэл, Төрийн орон сууцны байгууллага гээд таван байгууллага санамж бичигт гарын үсэг зурсан. Одоо ТЭЗҮ-ийг хийж эхэлнэ. Ирэх наймдугаар сард ТЭЗҮ дуусч, есдүгээр сард тендерээ зарлана.
-Тэгэхээр ирэх хавраас барилгын ажил эхэлнэ гэсэн үг үү?
-Манайх барилгын үйлдвэрлэл, угсралтыг өвөл зунгүй хийдэг болсон учраас суурийг нь барилгын ажил зогсохоос өмнө тавьж чадвал  барилгын ажлыг өвөл зунгүй хийчих боломж байна гэдэг хүсэлтээ тавьсан. Үүнийг судалж үзье гэдэг санал хэлсэн. Хэрвээ энэ нааштайгаар шийдэгдвэл дараа жилийн хавар гэхэд барилгаа бэлэн болгоно. Хэрвээ чадахгүй бол дараа жилийн хавар барилгын ажлаа эхэлнэ.
-7056 айлын орон сууц ашиглалтад орвол ямар зарчмаар иргэдэд олгох вэ. Тэр дундаа төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулах уу?
-Энэ 7056 айлын орон сууц төрийн мэдлийнх болно. Түрээсийн орон сууцны санд тодорхой хэсгийг нь нэмнэ. Нөгөө талаар зорилтод бүлгийн иргэдийг орон сууцжуулах чиглэлд зарцуулах байх. Магадгүй зарим хэсэг нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх чиглэлд буюу иргэдийг түр байршуулах чиглэлээр ашиглаж болно. Одоогоор олон байдлаар судалгаа хийж үзэж байгаа. Үүнийг судалж үзээд Орон сууц үндэсний хөтөлбөрийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулах гэж байна. Энэ хөтөлбөр батлагдсанаар төрийн албан хаагчдыг ямар байдлаар орон сууцанд хамруулах вэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтод гэр бүл, хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд, залуу гэр бүлийг хэрхэх вэ гэдэг нь суурь бодлогын хэмжээнд хөндөгдөх юм. Үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө тавдугаар сард багтаан батлуулна. Тухайлбал, зөвхөн төсвөөс орон сууцны асуудлыг шийдэхээс илүүтэйгээр хөгжлийн санхүүжилтийг сонгох хувилбарыг бодож байгаа. Хөгжлийн банкаар дамжуулж тодорхой төслүүдийг санхүүжүүлэх замаар төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах гэх мэт. Манай яам, Сангийн яам, Улаанбаатар хот хамтран судлаад эхний урьдчилсан саналууд бэлэн болсон. Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцуулахаар ажиллаж байна.
-Эдгээр орон сууцанд төрийн албан хаагчид ч юм уу, зорилтод бүлгийн иргэдийг оруулахдаа хүүг бууруулах, урьдчилгааг бууруулах боломж бий юү?
-Орон сууц үндэсний хөтөлбөр дээр өөрийн чинь тавьж байгаа асуултыг сууриар нь судалж үзэж, аль болох дэмжих зарчим орж байгаа. Харин 2019 онд хэрэгжих ипотекийн зээлд ямар нэгэн хөнгөлөлт байхгүй. Бид зөвхөн зээлийн хүртээмжээ хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Орон сууц үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлын хүрээнд ирэх жилүүдэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг багасгах, магадгүй  хүүг бууруулах боломжийг судална. Үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө суулгасан.
-Ипотекийн зээлд төрөөс банкуудад олгож байгаа эх үүсвэрийн хүүг нэг хувь болгон бууруулсан. Үр дүн хэзээнээс гарах вэ?
-Ипотекийн зээлд төрөөс олгож байгаа санхүүжилтийн хүү дөрвөн хувь байсныг нэг хувь болгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Арилжааны банкнаас гаргаж байгаа эх үүсвэр нь арилжааныхаа журмаар 12, 13 хувьтай байгаа. Нэг хувь, 13 хувийн хүүтэй мөнгийг нэг сагсанд оруулаад дундажлахаар 6.7 хувьтай байгаа юм. Тэр нь найман хувь болж иргэдэд очно. Төсвөөс жилд 300 тэрбумыг зарцуулах байлаа гэж бодоход арилжааны банкуудаас мөн адил 300 тэрбум гарах боломжтой. Тиймээс аль болох төсвөөс олгож байгаас мөнгөө бага хүүтэй олгож, ахиу гаргаж чадна тэр хэмжээгээр арилжааны банкны санхүүжилт ижил орж ирнэ. Ингээд иргэдэд очих хүртээмж нь хоёр дахин нэмэгдэж байгаа юм. Үүнийг л бид яаралтай хэрэгжүүлэх ёстой гэж бодож байгаа юм. Одоогоор Монголбанкин дээр ОУВС-гийн хэлэлцээртэй холбоотой бага зэрэг бэрхшээл байна. Үүнийг гэхдээ ойрын хугацаанд шийднэ гэж тооцож байгаа.
-Тэгэхээр хэзээнээс энэ шийдвэр хэрэгжиж эхлэх вэ?
-Улсын төсвийн санхүүжилт явдгаараа явж байгаа. Сар бүр улсын төсвөөс 10-аад тэрбум, Монголбанкнаас 20 орчим тэрбум нийт 30 орчим тэрбум төгрөг гарч байгаа. Нэг сагсанд холиод гаргах санхүүжилт одоохондоо эхлээгүй байна. Бэлтгэл үндсэндээ хангагдсан.
-ОУВС-аас Монголбанкийг ипотекийн зээлд оролцохгүй байх шаардлагыг тавьж байгаа. Энэ дагуу Монголбанк ирэх жилээс ипотекийн зээл гаргахгүй гэсэн. Тэгэхээр барилгын ямар руу шилжих үү?
-ОУВС-гийн хөтөлбөрт ороод тодорхой шаардлага тавьсан. Үүний нэг нь ипотекийн зээлийг төсвөөс олгох ёстой гэсэн шаардлагын дагуу улсын төсөвт суугаад хоёр дахь жилдээ орж байна. Гэхдээ Монголбанкин дээр эргэн төлөлтөөр орж ирж байгаа мөнгө нь гардгаараа гараад үргэлжилж байгаа. Харин Монголбанкнаас санаачилж эх үүсвэрийг гаргадаг, мөнгө хэвлэх замаар гаргадаг систем бүрэн хаагдсан. Тиймээс ОУВС Монголбанкны эх үүсвэрийг нэг хувь болгож бууруулах дээр болгоомжилж байгаа тал бий. Гэхдээ бид үүнийг судалж үзээд шийдэх боломжтой гэж үзэж байгаа.
-Энэ онд хэдэн айлыг ипотекийн зээлд хамруулах вэ. Салбар яамнаас ипотекийн зээл гарч байгаа гэдэг боловч банкууд иргэдийн материалыг авахаа зогссон байдаг шүү дээ?
-Энэ жил 9-10 мянган айлыг ипотекийн зээлд хамруулах боломжтой тооцож байгаа. өмнө нь материалаа бүрдүүлж өгсөн иргэд олон бий. Банкны эх үүсвэр дуусаад олгож чадаагүй дараалал бол байгаа. Үүнийг хэрхэх вэ гэдэг дээр Монголбанк шийднэ гэж ойлгосон. Бид бол сар 1000 иргэнд ипотекийн зээл олгох буюу жилд 12000 айлыг хамруулахад хангалттай гэж тооцож байгаа.
-Хөдөө орон нутагт гаргаж байгаа юу. Мөн л зогссон гэсэн мэдээлэл иргэд их хэлж байна?
-2019 онд ипотекийн зээлийг олгож байгаа банк орон нутаг дахь салбараараа 30-аас доошгүй хувийг олгоно гэж заасан. 
Эх сурвалж: www.itoim.mn