Найман хувийн зээлийг зорилтот бүлэг рүү чиглүүлж олгоно

Найман хувийн зээлийг зорилтот бүлэг рүү чиглүүлж олгоно

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах иргэдийн тоо 2016 оноос буурсаар байгаа. 2016 оноос өмнө найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас мөнгө хэвлэж шийдэж ирсэн. Санхүүжилт асуудалгүй байсан 2013-2016 онд 60 мянган өрх найман хувийн зээлээр орон сууцанд орсон статистик бий.
Харин 2016 оны улс төрийн сонгуулийн дараагаас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилт тасалдаж, өмнө авсан зээлийн эргэн төлөлт болон улсын төсвөөс хуваарилсан эх үүсвэрээр зээл олголт үргэлжилж байгаа. Найман хувийн хүүтэй  орон сууцны зээл олголт багасч байгаа нь санхүүжилтийн хязгаарлагдмал байдалтай шууд холбоотой юм. Иргэдийн хувьд найман хувийн зээлд хамрагдаж, орон сууцанд амьдрах хүлээлт өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Харин иргэдийн хүлээлтийг хангах санхүүжилт хягзаарлагдмал байгаа юм.
Монгол Улс 2017 оны тавдугаар сард Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах үеэр Монголбанк дахин мөнгө хэвлэж, ипотекийн зээлийг санхүүжүүлэхгүй, төсвийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт хийхийг хориглосон билээ. Мөн найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийг дунд хугацаанд Засгийн газарт шилжүүлэх нөхцөлтэй. Энэ хүрээнд зөвхөн эргэн төлөлт болон төсвийн хуваарилсан эх үүсвэрээр ипотекийн зээл олголт явагдаж байгаа. 
Ирэх жил 115 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна
  •  
  •  
Энэ оны улсын төсөвт 160 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд хуваарилсан. Мөн Монголбанкнаас өмнө авсан зээлийн эргэн төлөлтөөс дахин санхүүжилт хийж байгаа. Монголбанкны зүгээс энэ оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээлд 143.7 тэрбум төгрөгийг санхүүжилт олгожээ. Засгийн газраас 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, нийт 203.2 тэрбум төгрөгөөр 2900 гаруй иргэнд  найман хувийн зээл олгосон байна. Энэ нь 2014, 2015 онд найман хувийн зээл "бүүм" болж байсантай харьцуулахад тав дахин багассан дүн. 
Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг сайжруулах боловсронгуй болгохоор Дэлхийн банкнаас техникийн туслалцаа, зөвлөгөө авч байгаа. Энэ хүрээнд ипотекийн хөтөлбөрийг шинэчилж, татаасын хэлбэрт шилжүүлэх санал боловсруулж, Сангийн яаманд танилцуулсан ч дэмжигдээгүй байна. Тиймээс ирэх жил бас л төсөв болон эргэн төлөлтөөр үргэлжилнэ гэсэн үг. 
2019 оны төсвийн төсөлд ипотекийн зээлд 115 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Харин Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс 150-170 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх тооцоо бий. Ингэснээр нийтдээ 280 гаруй тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Тэгэхээр ирэх жил ойролцоогоор 3000 гаруй өрх найман хувийн зээлд хамрагдана гэсэн үг. Гэхдээ ирэх жилээс найман хувийн зээлийг тодорхой гурван зорилтот бүлэг рүү чиглүүлнэ гэдгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа онцолсон. Тэрээр зорилтот бүлэг гэдгийг тайлбарлахдаа “Нэгд, дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлж, орон сууцанд амьдрах гэж байгаа иргэдэд найман хувийн зээл олгоно. Хоёрт, арилжааны банкууд хоёр, гурав дахь удаагаа байр авч байгаа өрхүүдэд найман хувийн хүүтэй зээл олгох явдал өнгөрсөн жилүүдэд байсаар ирсэн. Үүнийг энэ жилээс эхлэн зорилтот бүлэг рүү шилжүүлж, анх удаа өрх тусгаарлан орон сууцанд орох гэж байгаа иргэд түлхүү олгоно. Гуравт, ногоон амины орон сууцны зээл авч байгаа өрхүүдэд найман хувийн хүүтэй зээл олгох журмыг баталж байгаа” гэлээ.