Ипотекийн зээлийн тухай шийдвэр

Ипотекийн зээлийн тухай шийдвэр

 
Тэрбээр "Журамд өөрчлөлт орсноор амины орон сууц барихад зориулан 60 хүртэл сая төгрөгийн зээл олгох боллоо. Бас нэг том өөрчлөлт бол ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтэд зарцуулагддаг 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум төгрөгт хүргэхээр боллоо. Үүнийг дагаад хүртээмж бараг хоёр дахин нэмэгдэнэ.
Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах боломжгүй байна. ОУВС-тай тохирсны дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Сангийн яаманд шилжүүлнэ. Тэр үед хүү, урьдчилгааг бууруулах боломж бүрдэнэ гэлээ.
Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох шинэ журмаар 
  • Анх удаа орон сууц худалдан авч байгаа
  • Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд баригдсан орон сууцнаас олгох
  • Гэр хорооллын сууц барихад зориулж зээл олгохоор тусгажээ. 
Өөрөөр хэлбэл, тухайн нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөнд орсон, эрчим хүчний хэмнэлттэй, инженерийн дэд бүтцийн шийдэлтэй, төвлөрсөн эсвэл бие даасан шийдэлтэй сууц иргэд баривал 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой юм байна. Харин шинээр орон сууц худалдан авах иргэд гэр хорооллыг дахин барилгажуулах нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан орон сууцнаас л сонголт хийх боломжтой ажээ. 
Түрээсийн орон сууцны хувьд одоогоор тодорхой шийдэлд гаргаагүй байна. "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцыг түрээсийн зориулалттай барьсан хэдий ч Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 71 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөх шаардлагата. Хэрэв Засгийн газар орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор энэ мөнгийг гаргахаар шийдвэрлэвэл "Буянт-Ухаа 2"-ийг бүхэлд нь түрээсийн орон сууц болгох боломжтой юм байна. Энэ талаарх саналыг БХБЯ Засгийн газрын хуралдаанд оруулна гэдгийг Х.Баделхан сайд хэллээ. 
Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох шинэ журмын хүрээнд Сангийн яам, Монголбанк, БХБЯ гурвалсан гэрээ байгуулж, Монголбанк арилжааны банкуудтэй гэрээ хийх юм байна. Уг гэрээгээр ипотекийн зээл олгох арилжааны банкуудын жагсаалт шинэчлэгдэн гарах бөгөөд банкуудад журмын дагуу ажиллах шаардлага тавигдах нь. Тухайлбал, иргэдтэй урьдчилан өндөр хүүтэй зээлийн гэрээ байгуулах, зээлээ урьдчилж төлөхөд торгох, зөвхөн харилцдаг барилгын компаниудын орон сууцыг зээлээр олгох зэрэг асуудал байхгүй болно гэв. 
Өнгөрсөн тавдугаар сард тус яам Сангийн яам, Монголбанктай хамтран хийсэн судалгаагаар
  • Түрээсийн орон сууц хүссэн - 42,000 
  • Урьдчилгаа 30 хувиа төлөөд зээл авах хүсэлтэй 33,000 иргэн Улаанбаатар хотод байгаа бол
  • Орон нутаг 14,000 иргэн байна. 
2019 онд орон сууцны зээлийн хөтөлбөрт улсын төсвөөс 115 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бол Монголбанк эргэн төлөлтөөс 220 тэрбум төгрөг олгоно гэлээ.