Хувь лизинг хийх тухай

Хувь лизинг хийх тухай

Сүүлийн үед иргэд хувь лизингээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах нь ихэсч байна. Харин худалдагч болон худалдан авагч талуудын аль аль нь хуулийн дагуу хэрхэн өөрийгөө эрсдлээс хамгаалахаа төдийлөн сайн мэддэггүйн улмаас гэрээний аль нэг таль хохирох явдал цөөнгүй гардаг. Тэгвэл хэрхэн хуулийн дагуу тэдгээр эрсдлүүдээс өөрийгөө хамгаалах талаар нэгэн зөвлөгөөг хүргэе !
 
Зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах буюу хувь лизинг хийхийг Монгол Улсын “Иргэний хууль”-иар зөвшөөрсөн байдаг .


Хэрэв худалдагч, худалдан авагч нар хувь лизинг хийх гэж байгаа бол "Урьдчилсан тэмдэглэл" хийлгэхийг зөвлөж байна 

- Урьдчилсан тэмдэглэлийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хийлгүүлэх бөгөөд талуудыг дараах хууль зүйн эрсдэлд орохоос хамгаална:

1. Урьдчилсан тэмдэглэл хийлгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авагчийн нэр дээр өмчлөх эрх шилжихгүй худалдагч талд өмчлөх эрх нь хадгалагдана.

2. Худалдагч тал урьдчилсан тэмдэглэл хийлгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд барьцаалж, түрээсэлж, худалдан борлуулж чадахгүй.

3. Зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол урьдчилж өгсөн төлбөрийг буцаан шилжүүлж, урьдчилсан тэмдэглэгээг цуцлуулах, түүнээс учирсан хохирлыг Худалдан авагч талаас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 185-р зүйл:

- 185 дугаар зүйл. Улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх

- 185.1.Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.

- 185.2.Энэ хуулийн 185.1-д заасан тэмдэглэлийг ирээдүйд бий болох буюу болзол тавьсан шаардлагыг хангахын тулд хийж болно.

-185.3.Урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох буюу хохироохгүй бол түүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.

-185.4.Урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ.

-185.5.Урьдчилсан тэмдэглэл хийлгэснээр удаан хугацааны турш эд хөрөнгөө ашиглах боломжийг алдахаар байвал эд хөрөнгийн эзэмшигч нь тэмдэглэл хийлгэсэн этгээдээс урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгуулахыг шаардах эрхтэй.

-185.6.Урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн хувьд ямар нэгэн эрх олж авсан нь хүчин төгөлдөр бус байвал тухайн этгээд урьдчилсан тэмдэглэлээр хангагдах шаардлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүртгэл хийлгэх зөвшөөрөл олгохыг эд хөрөнгө эзэмшигчээс шаардах эрхтэй.
 
Үл хөдлөх хөрөнгөтэй асуудлаа бидэнд даатга 
Monreal value LLC | Create real value | 7711-4004, 9811-6822